Япон улсаас Монгол улсад үзүүлсэн Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ)

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

2017 оны 4-р сарын 5

1. ХАЁТ-ийн өөрчлөлт, өнөөг хүртэлх ололт амжилт

Япон улсаас Монгол улсад үзүүлэх ХАЁТ нь 1977 онд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт үндэслэн “Говь” ноолуурын үйлдвэрийг барьж, байгуулах буцалтгүй тусламжаар эхэлж, 1989 он хүртэл дадлагажигч хүлээн авах, мэргэжилтэн томилох, тоног төхөөрөмж нийлүүлэх зэргийг голлосон техникийн хамтын ажиллагаа, соёлын буцалтгүй тусламж гэх хязгаарлагдмал салбарт хамтран ажиллаж байв. Түүний дараа 1990 онд Монгол улс социализмаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Япон улсын буцалтгүй тусламж бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн ба иенийн хөнгөлөлттэй зээл анх удаа олгогдон, Япон улсаас Монгол улсад үзүүлэх ХАЁТ өргөжин тэлж эхэлсэн билээ.

Ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа буцалтгүй тусламжийг олон улсын хандивлагч байгууллагуудтай уялдаа холбоотойгоор дэд бүтэц (цахилгаан станц, харилцаа холбоо, тээвэр), хөдөө, аж ахуйн салбар (мах боловсруулах байгууламж, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууламж, үр тариа хадгалах байгууламж, хүнсний тусламж, хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх)-т тусламж үзүүлж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед монголын ард түмний ахуй амьдралд тусламж дэмжлэг үзүүлсэн. Улмаар буцалтгүй тусламжаар бага, дунд сургуулийн барилга барих (55 сургуулийн байр, 668 анги танхим шинээр байгуулсан ба эдгээр сургуулиуд нийт 24,000 хүүхэд суралцах багтаамжтай), эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, гал унтраах машин, хогны машин зэрэг гамшиг, эрүүл ахуйн зориулалт бүхий автомашин нийлүүлэх, япон-монголын сургалтын эмнэлэг барьж байгуулах төсөл хэрэгжиж, хотын иргэдэд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг мөн бүтээн байгуулж ирлээ. Мөн 1990 оноос “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба энэ хүрээнд Монгол орны аймаг бүрт сургууль, эмнэлгийн барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэргээр оршин суугчдын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх төслүүд хэрэгжиж ирсэн ба 2017 оны 3 дугаар сарын байдлаар нийт 504 төслийг хэрэгжүүлээд байна. Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хот дахь хүн амын төвлөрөл ихэссэний улмаас агаарын бохирдол зэрэг байгаль орчны асуудал хотын нэн тулгамдсан асуудал болсон тул 2010 оноос “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, агаарын бохирдлын хэмжилтийн техник, технологийг сайжруулж, японы байгаль орчны бодлого, тогтолцоотой холбоо бүхий туршлагаасаа хуваалцан техникийн зөвлөгөө өгч байна.

Иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бага хүүтэй, урт хугацааны зээл олгож, нүүрсний уурхайн байгууламжийг засварлах, холбогдох сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, дулааны цахилгаан станцад засвар үйлчилгээг тогтмол хийх, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн тогтолцоог өөрчилж, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоотойгоор аж үйлдвэрийн салбарыг төрөлжүүлэх зорилтыг дэмжин Монголын жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай “ЖДҮ-ийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл”-ийн төслийг (нийт дүн 8 тэрбум иен) 2005, 2010 онд хэрэгжүүлсэн болно. Эдгээрээс гадна Монгол улсад нэн шаардлагатай аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, Монгол улсын техник, технологийн салбарын боловсон хүчинг бэлтгэх хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж, монгол залуусыг Японд сургаж байна.

Энэ мэтчилэн Японы Засгийн газар нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын сүүлийн байдлаар нийт тусламжийн хэмжээ 289 тэрбум 400 сая иенд хүрээд байна. Ийнхүү Япон улс Монгол улсад тууштай тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн ба энэ нь Монгол улс ардчилсан нийгэмд шилжих явцад тулгарсан эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй он жилүүдэд томоохон үүрэг гүйцэтгэж, Монгол улсын ирээдүйг залгамжлан авч явах боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж ирлээ.

2. Тусламжийн чиглэл

Монгол улсын эдийн засаг Японы ХАЁТ-ийн голлох дэмжлэгтэйгээр, мөн урд хөрш болох БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн нөлөө болон дотоодын уул уурхайн салбарын хөгжлийг даган хурдацтай өсөж байна. Харин Монгол улсын эдийн засаг нь уул уурхайн баялгийн экспортоос ихээхэн хамааралтай тул цаашид аж үйлдвэрийг төрөлжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг буй болгоход макро эдийн засгийн тогтвортой менежмент шаардлагатай юм.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шим нийгмийн ядуу давхаргад хангалттай хүрэхгүй байгаа тул ядуурал, ажилгүйдлийн түвшин урьдын адил өндөр, ялангуяа залуу ажиллах хүчинг ажлын байраар хангах нь тулгамдсан асуудал хэвээр байна. Мөн нийслэл Улаанбаатар хотод хүн ам хэт төвлөрч буйн улмаас суурь дэд бүтцийн дутмаг байдал, агаарын бохирдол зэрэг байгаль орчны бохирдол, хотын тулгамдсан асуудлууд урган гарч байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Япон улсын Засгийн газрын зүгээс Монгол улсын эдийн засгийн өсөлтийн үр шим бүх давхаргад жигд хүртээмжтэй байх, Мянганы хөгжлийн зорилт зэрэг хөгжлийн бүх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, мөн эдийн засгийн тогтвортой өсөлт, тэнцвэртэй байдлыг хангасан эдийн засгийн өсөлтөд чиглэсэн Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 1. Уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх, 2. Бүх хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн тусламж, 3. Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлд ХАЁТ-аа чиглүүлж байна.

3. ХАЁТ-ийн цаашдын чиг хандлага

Монгол улсад үзүүлж буй Япон улсын Засгийн газрын ХАЁТ нь буцалтгүй тусламж, иений хөнгөлөлттэй зээл гэсэн хоёр хэсгээс бүрддэг билээ.

Буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засаг болон нийгмийн хөгжилд хэрэгцээтэй материал, тоног төхөөрөмж худалдан авах, сургуулийнбарилгад шаардлагатай санхүүжилтийг олгодог бөгөөд орлогын түвшин харьцангуй доогуур орнуудад хэрэгждэг. Японы Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлэхдээ Дэлхийн банкнаас тогтоосон “IDA” стандартыг мөрддөг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг эрчимтэй өссөнөөр Монголын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дээрх стандартын тогтоосон хэмжээг даваад байна. Тиймээс цаашид Япон улсаас Монгол улсад үзүүлэх эдийн засгийн тусламжийн нэг болох буцалтгүй тусламжийн хэмжээ багасах хандлагатай байна. Харин бага хүүтэй, урт хугацаатай иенийн хөнгөлөлттэй зээлийг голчлон үзүүлэх хандлагатай байна.

Монгол улсад тулгарч буй асуудлууд нь олон салбарт өргөн хүрээг хамрах бөгөөд дан ганц ХАЁТ-аар шийдвэрлэхэд хүндрэлтэй. 2016 оны 6 сарын 7-ны өдөр Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд эдийн засгийн салбарт хоёр орны харилцаа улам бүр нягтарч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, аж үйлдвэрийн салбар төрөлжин хөгжинө хэмээн найдаж байна. Цаашид Япон улс Монгол улсад ХАЁТ үзүүлэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах чиглэлийг баримталж байна.

Зохиогчийн эрх © 2019 он. МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол - Японы Бизнесийн Зөвлөл.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт